Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- ИТХ
- Засаг дарга
- ЗДТГАЗАР
- Мэдээ
- Хууль эрх зүй
- Ил тод байдал
- Байгууллагууд
Халхын Сайн ноён хан аймгийн хорин дөрвөн засаг хошууны нэг “Халхын
умар замын баруун гарын умард хошуу” эдүгээгээс 321 жилийн тэртээ 1692
он буюу ХII жарны цагаагчин хонь жилд Манж гүрний төрийн данснаа нэр
босгуулсан ч ард олны дунд “Засаг Сэмжидийн хошуу”, ”Буджав гүний
хошуу”,”Өлзий засгийн хошуу”, ”Мэргэн гүн Мөнх-Очирын хошуу” гэхчлэн
нэрлэгдэж ирснийг судар бичгийн хуудаснаа тэмдэглэн үлдээсэн нь буй.Энх-Амгалангийн гучин нэгдүгээр он /1692-1712/-оос хошуу тэргүүлсэн
энэхүү засаг ноён Сэмжид нь Сайн ноён хан, Түмэнхэн ноёны аравдугаар
хөвгүүн Синарагсад хун тайжийн тавдахь хөвгүүн бөгөөд “зарлигаар тэргүүн
зэрэг тайж болгоод мөнхүү засаг хавсаргав” хэмээн илтгэл шастирт өгүүлэхийн
хамт цол” хөндлөн мэргэн дайчин хэмээнэ” гэсэн байдаг. Энэ нь олон үе дамжин
өгүүлэгдсэн дээрх домог үнэний хувьтай бөгөөд тэгэхдээ энэхүү Сэмжид
ноёны үйлдэлтэй холбоотойг гэрчилж байх шиг санагдана. Энэхүү Сэмжид
ноёны засаг хошуу тэргүүлж байх он жилүүд нь Галдан бошготын эсрэгцэл
тэмцэл болж, хошууны ард, албатууд ийш тийш нүүж, дүрэвсэн, хөл хөдөлгөөн
ихтэй үе байсан ажгуу. Өмнө нь хошууны энэ нутагт Элжгэн халх буюу Гүнзэн
ноёны харьяат ардууд нутаглаж байгаад алс баруун зүг Хан Хөхий уулыг зорин
нүүдэллэсэн аж,
Ноён Сэмжид таалал болсны дараа түүний ахмад хөвгүүн Гэндэн /1712-
1735 он/ хошуу захирах тэргүүн тайжаар өргөмжлөгдөн залгамжилж, өвчний
учир ахмад хөвгүүн Буджав нь хошуу ноёны албыг /1735-1752 он/ залгамжлах
болсон байна. Энэ үед Манж гүрний дайны хэнээрхэл дэвэрч, ”Зүүн гар” хэмээх
дөрвөн ойрдыг уулгалан дайрахад бэлтгэж, олон аймаг хошуудаас морь, тэмээ,
хонь мал, гэр майхан зэр зэвсэг албадан гаргуулж, ард олны санаа сэтгэлийг
алдагдуулж байжээ.
Буджавын дараа /1752-1782 он/ түүний ахмад хөвгүүн Цэдэнжав засаг
тэргүүн тайжаар залгамжилсан бөгөөд энэ үе нь Манжийн түрэмгийллийн эсрэг
Амарсанаа, Чингүнжав нарын удирдсан зэвсэгт тэмцэл өрнөсөн он жилүүд
байжээ. Архивын баримт бичигт “Тэнгэр тэтгэсний хорин дөрөвдүгээр /1759/
онд манай хошуунд цаг муудаад” хэмээсэн нь байгаль цаг уурын өөрчлөлт ган
зудын тухай өгүүлсэн нь хараахан бус бололтой.
Хошуу ноён Цэдэнжав өвчилсөн тул түүний ахмад хөвгүүн Доржжавт
засаг тэргүүн зэрэг тайжийн албыг /1782-1845 он/ залгамжлуулсан байна.
Энэхүү Доржжав нь хошууны ноёдын дотроос хамгийн удаан хугацаагаар /63
жил/ тамга барьсан бөгөөд Манжийн хааныг дагалдан авд явж бараалхсаны
учир Богд эзэн тогосын отго шагнаж байсан аж. Насан өндөр болсон буюу
бие эмзэглэсэн учир Төр гэрэлтийн тавдугаар /1845/ онд тушаалаас болиулж,
хошуу захирах засаг тэргүүн тайжийн албыг хоёрдахь хөвгүүн Лувсанцэрэн
/1846-1852 он/-д залгамжлуулж, Түгээмэл элбэгтийн хоёрдугаар онд үгүй
болсон учир ахмад хөвгүүн Өлзийбадаргуйлангуй /Өлзийбадрахлянхуа ч гэх
нь буй/-д нь залгамжлуулжээ.
Засаг ноён Өлзийбадаргуйлангуй нь хошууны олон ард, лам, хар хүмүүс
зоргоор эхнэр авах, гөрөөчлөх, мөрийцөн тоглож, наадах зэрэг зохисгүй
явдлыг сэрэмжлүүлэн тушаасан боловч, өөрөө 1890 онд харьяат хошууны тайж
Жамсрангийн эхнэрийг салган авч ханилан ёс алдсан тул ардын зарга тэмцлийн
хэрэг дэгдсэн учир Сайн ноён хан аймгийн чуулган дарга тушаал гарган хошуу
ноёноос огцруулж, ахмад хөвгүүн Мөнх-Очир /1898 онд/-т залгамжлуулжээ.
Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж олноо өргөгдсөн онд Монгол Улсаа
байгуулж Богд гэгээнийг хаан ширээнд залах үеэр хошуу гүнгийн зэрэг, үе
улирах мэргэн цолыг ноён Мөнх-Очирт шагнан хүртээсэн нь “бар намнасан”
тухай домгийг улам ч үнэмшилтэй болгож байх шиг санагдана.
Хошуу ноён Мөнх-Очир нь Гомбожав, Ванчинбазар, Дэндэвжаргал,
Бизъяажав, Цадэлэг, Эрэндагва нарын зургаан хүүхэдтэй байсан бөгөөд 1919
оны дөрөвдүгээр сарын нэгний өглөө өвчний улмаас нас баржээ. Засаг ноёны
орыг залгамжлуулах асуудлаар аймгийн чуулган даргын тамгын газарт “Урьд
нэгэнт батлуулан тэмдэглүүлсэн ахмад хөвгүүн Гомбожав нь тогосын отгот
гуравдугаар зэргийн тайж, энэ жил 15 настай, Боржигин овогтой, Хиад ястай,
/цагаан бурхан өвчнөөр боловсроогүй бие түүхий тул/ түүний биеийг илгээж
болохгүйн учир Гомбожавт олгуулах өргөмжлөлийг туслагч тайж Санжжавт
авахуулан мордуулсан явдлыг сонсгож, гуйх нь: Олдвоос чуулган дарга танаа
өргөн мэдүүлснийг байцаан толилж, засаг тэргүүн тайж хэргэм, мэргэн гүн
цолыг Гомбожавт залгамжлуулахыг тогтоон заах ажааму” хэмээсэн бичиг
илгээж, улмаар мөн оны намраас ноён болох агийг өргөөлүүлж, хондого
холбоход бэлтгэж, эхэлсэн бөгөөд олноо өргөгдсөний арван нэгдүгээр /1921/
оны 11 дүгээр сарын 13-ны өдөр агь Гомбожавыг хошууны засаг гүнгийн
хэргэмд залж, хатан Туваансүрэн нарын хондого холбох ёслолыг үйлдсэнээр
ноён Гомбожав хэрэг шийтгэж эхэлсэн байна.
Засаг гүн Гомбожав тэр нэгэн өдөр, сүйлэн авсан хатан болон, гол албаны
дөрвөн түшмэлийн хамт өөрийн багш Дарба Бандида гэгээнтэнд бараалхан
мөргөж, мандал өргөж, айлтгал талархлын бичиг өргөж бэлэг сэлтийн хамт
гардуулжээ. Талархлын бичигт өгүүлсэн нь “Шавь Гомбожав би Очирдарь
багш таны, нялх хөвгүүнийг хамгаалах өршөөлийг бадруулан, гэрийг засах
сургаалийг заан, амгалангаар тэжээн хүмүүжүүлсэн гүн хишиг, хүнд өглөгт
шүтэж, эцэг өвгөдийн гавьяа үндсийг илэрхийлж, Богд эзний хэрээс хэтэрхий
зузаан хишгийг хүртээж, харьяат хошууг захирах тамгыг хүлээлгэсэн нь
үнэхээр гүн хүнд хэмээвээс болмой. Өчүүхэн шавь би ухаан мунхаг, эрдэм
мөчид, бодлого нимгэн, санаа явцуу боловч гагцхүү авралт багш таны
нигүүлсэн өршөөх гүн эрдэм, бодлогод шүтэж, улс төрд үнэн шударгуу хичээн
зүтгэж, доорд албат олон хүмүүний санааг нэгэн адилаар тэгшлэн дагуулж,
хошуу олны үйлсийг өрнүүлэн, өлзий хутгийг өршөөн үлэмждэхийг сүслэн
залбирч өргөв” хэмээжээ.
Ийнхүү нутаг хошуу, засгийн бодлогыг М.Гомбожав шийтгэн эрхлэх
болсон авч төд удалгүй хэргэм зэргээсээ татгалзаж, ардын засгийн шинэ үеийн
боловсролд илүүд анхаарч, эрдэм номын замыг сонгон эргэлт буцалтгүй оржээ.
Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошууны нутагт Бурхан шашны
хурал ном хурж, сүм хийд үүсч тогтсоноос хойш 260 гаруй жил хурал номын
уншлага тасралгүй буяны чуулган хураасаар 1938 онд хүрч ирсэн байна.
Хошуу тамгын газраас Сайн ноён хан аймгийн хамаарсан чуулганы дарга Эрх
бэйсэд өргөсөн бичигт “Манай хошуунд анх шашин, хурал номын сургууль
байгуулсан нь Түмэнхэн сайн ноёны аравдугаар хөвгүүн Шарза Даян хунтайж
хэмээн алдаршсан Синарагсадын үед анхдугаар дүрийн Дарба Бандида
ламтан дээдийн түмэн өлзий бататгах ба шашин амьтны тусын тулд Чогжин,
Хангал, Дүйцэнгүүд зэрэг хурал тогтоож, Сэлэнгэ голын зах” Угтаал” хэмээх
газар нүүдлийн гэр дуганаар эхлэн ном хурж эхэлсэн бол Дарба Бандидагийн
хоердугаар дүрийн хувилгаантан модон дуган бариулжээ.
Засаг тэргүүн зэрэг тайж Цэдэнжавын үед Тэнгэрийн тэтгэсний арван
долдугаар /1752/ онд Дарба Бандидагийн гуравдугаар дүрийн хувилгаантан,
дуган сүмийг “Ханх” хэмээх газар нүүлгэн суурьшуулж, Засаг тэргүүн тайж
Доржжавын үед Төр гэрэлтийн зургадугаар /1826/ онд Дарба Бандида гэгээнтний
дөрөвдүгээр дүрийн хувилгаантан дуган сүм, хүрээ лам нарыг “Булган Чингэл”
хэмээх газарт нүүлгэн суурьшуулж, шинэ дуган сүмийг нэмэн үйлдүүлж, Чойр
Жүд сургуулийн дацан хурал тогтоож, хүрээ хийдийг улам өрнүүлжээ. Энэ бол
манай нутагт Бурхны шашин дэлгэрч мандсан түүхийн хураангуй.
Мин улсын хаан Цун-жэн-гийн аравдугаар /1637/ онд Дарба Бандида
Хутагтын анхдугаар дүрийн хувилгаан Лувсансодовжамц, Түмэнхэн сайн
ноёны аравдугаар хөвгүүн Шарзахун тайжийн албат Увш Занын гэрт мэндэлж,
Манжийн Эевэр Засагчийн аравдугаар /1653/ онд Банчин Эрдэнээс Дарба
Бандида цол хүртэж, Энх-Амгалангийн дөчин нэгдүгээр /1702/ онд жанч
халсан байна.
Энх-Амгалангийн дөчин хоёрдугаар /1703/ онд хуяг Хурахын гэрт нэгэн
хөвгүүн мэндэлсэн нь нялхын цагаас эрт үеийн эд бүхнийг таних зэрэг тэмдэг
үзүүлсний учир Банчин Эрдэнэ, Лхаму Чойжин нараас Дарба Бандидагийн
хоёрдугаар дүр мөн хэмээн тодруулж, хоёрдугаар дүрийн богд Жавзун дамба
хутагт ганжуур ном тэргүүтэн, Энх-Амгалан хаан олбог түшлэг “Эрдэнэ
ширээт Дарба Бандида” цол хүртээсэн Гунгаажамц бөгөөд Тэнгэрийн тэтгэсний
тэргүүн /1736/ онд жанч халжээ.
Тэнгэрийн тэтгэсний хоёрдугаар /1737/ онд Халхын туслагч тайж, Саваа
Ширийн гэрт мэндэлсэн Дарба Бандидагийн гуравдугаар дүрийн хувилгаан
Лувсангомбожамц шашин амьтанд их тусыг үйлдэж яваад Сайшаалт Ерөөлтийн
арван гуравдугаар /1808/ онд жанч халсан аж.
Сайшаал Ерөөлтийн арван дөрөвдүгээр /1809/ онд Засаг Доржжавын
хошууны тайж Гончигийн гэрт Буянт хэмээх хөвгүүн мэндэлснийг Далай лам,
Ванчин эрдэнэ гэгээнтнээ тус тус айлтгаваас Дарба Бандидагийн хувилгаан мөн
хэмээн тогтоож, сахилын алдрыг нь “Лувсантүвдэнванчиг” хэмээн хайрласан
байна. Төр гэрэлтийн зургадугаар /1825/ оноос эхэлж, аравдугаар /1830/ онд
дахин дэгдсэн Хотон Жанкерийн хэргийг намжаах цэргийн хэрэглэл зөөхөд
хөсгөөр тусалж, удаа дараа сайшаал, хүндэтгэл хүртэж асан энэхүү хувилгаан
Түгээмэл Элбэгтийн хоёрдугаар /1852/ онд жанч халсан байна.
Түгээмэл Элбэгтийн дөрөвдүгээр /1854/ онд Сайн ноён хан аймгийн Түшээ
гүн /Намнан уулын/ Цэдэнжавын хошууны гутгаар зэргийн тайж, Цэдэндоржийн
гэрт тав дугаар дүрийн хувилгаан Хайдавсамданжамц мэндэлснийг урьд урьдын
уламжлалын дагуу Далай лам, Ванчин эрдэнэ гэгээнтнүүдэд айлтгасанд Дарба
Бандида хутагтын хувилгаан мөн хэмээн тогтоож, өмнөх дүрийн хувилгаадын
хэрэглэж явсан цол ямба, шар торгон шүхэр зэргийг хэвээр шагнан хэрэглүүлж,
хошууны олон шавь нартай нийлүүлэн суулгасны хойно шашин амьтанд тус
үйлдэж ном эрдэмд суралцаж яваад Бүрэн засагчийн есдүгээр /1870/ оны есөн
сарын хорин зургааны өдөр 17 сүүдэртэйдээ жанч халжээ.
Бүрэн Засагчийн есдүгээр онд /1870/ Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний
хошуу ард Насангийн гэрт хувилгаан /уг нэр нь Дамдинсүрэн номын алдар
нь Агваанчойжирдондов/ мэндэлж, эрдэм номыг сурахад сайтар шамдан явав
хэмээн Далай ламын гэгээнтнээс “Эрдэнэ сайн ерөөлт” цол дүгрэг, дөрвөлжин
тэмдэг бас нэмж “Номч мэргэн ханбо бандида” цол хүртээж байсан байна. ХIХ,
ХХ зууны заагаар шашны гүн ухааны номонд онцгой сайжирч тэр цагийн
их хүрээнд ном эрдмээр гайхагдаж асан Жанжин Чойрын Боржигин Жамц,
Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны ихэр Самдан, Их Хүрээний
анги Шагдар нарын олон сайчуудтай эн зэрэгцэж, Дэлгэрцогтын их номч, түүхч
Зава Дамдин гавжийн нэгэн адил алдар хүндэд хүрч, 1906 онд Их Хүрээний
Гандангийн Гунгаачойлон дацанд гавьжийн, 1919 онд Жүд дацанд аграмбын
дамжаа барьж мяндаг цолд хүрчээ.
Энэхүү эрдэм билэг төгс гэгээнтэн Агваанчойжирдондов нь 1921 оны
Ардын хувьсгалыг таалан дотночилж, аядуу тайван хүлээж, 1920 оны өвөл
Х.Чойбалсан, Д.Чагдаржав нарыг Рашаантын хүрээгээр дайран Эрдэнэзуу
хийдийн зүг явахад нь уулзсан байж болзошгүй хэмээн зарим түүхчид зохиол
бүтээлдээ тэмдэглэсэн нь буй. Тэр эрхэм хүн өөрийн тааллаар хүрээ хийдийн
гориломоос гарч Идэр, Чулуут голын бэлчир орчим жижиг гэр барин аж төрж,
1923 онд “Ард түмний ариун ёсон оршвой” хэмээх гүн ухааны бүтээл туурвисан
тул түүнийг Шинэ Монгол Улсын судар бичгийн хүрээлэнд урихаар эрдэмтэн
Жамсрангийн Цэвээнийг очиход “Жалгынхаа хуралд очиж эс чадах хөгшин лам
би юугаа хийхэв. Харин Ардын засгийн бодлогод нийцвэл үүнийг тунгаана уу”
хэмээн уг номоо өгөхдөө “Та бүхний эрдэм номын үйлсэд нэмэр оруулж чадах
нэгэн хүн явуулъя” гэсэн нь энд өгүүлж буй Мэргэн Гүн Гомбожав байсан юм.
33
Их номч гэгээнтний энэ бүтээлийг 1990-ээд оны эхэн үеэр хэвлүүлэн
нутгийн олонд түгээсэн ч өөртөө авч үлдээгүйдээ харамсан сууна.
Ардын хувьсгал ялан мандаж төр засгийн бодлого, үйл ажиллагаа
шинэчлэгдсэн шинэ нөхцөлд хуучин хэргэм зэргээсээ сайн дураараа татгалзсан
хоёр ноён байдгийн нэг нь манай хошууны ноён энд өгүүлж буй Мэргэн гүн
Гомбожав юм. Түүнийг ийнхүү эрдэм номын мөр хөөхөөр шийдэхэд Дарба
Бандида гэгээнтэн нөлөөлсөн ажгуу.
ХVIII зууны дундуур, тухайлбал 1755-1757 онд “Зүүн гар” буюу дөрвөн
ойрдыг эзлэн авч, нухчин дарангуйлахаар улангассан Манж гүрний халдлага
түрэмгийллийн эсрэг Амарсанаа, Чингүнжав нарын удирдлагаар эрслэн
боссон ард түмний тэмцэлд Мэргэн гүний хошууны ардууд оролцож, зарим
хүмүүс боссон цэргүүдэд тусалж байсан тухай нэн чухал мэдээ байдгийг түүхч
доктор Банзрагч агсан “Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошууны түүх”
бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. /Энэ бүтээлийг ойрын үед хэвлүүлэн, унасан
газар, угаасан ус, уугуул нутгийнхаа үүх түүхийг сөхөн үзэж, судалж таних
боломж олгоно гэдэгт найдаж байна./
Он жил улиран одсоор 1911 он буюу ХV жарны цагаагчин гахай жил
морилон ирэв. Харь гүрний эзэмшил, эрхшээлд автаж, дарлал мөлжлөгийн
талхинд бараг дөрвөн жарны турш нухчуулсан монголчууд, эрч хүч, эр зоригоо
хөвчилж, эрслэн босож, үндэсний эрх чөлөөний хувьсгалын галыг бадрааж,
тэмцлийн тугийг мандуулснаар 1911 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр,
наймдугаар Богд Жавзүндамба хутагтыг “Шажин, Төрийг хослон баригч, наран
гэрэлт, түмэн наст” цол өргөмжлөн хаан ширээнээ залж, Олноо өргөгдсөн
тусгаар Монгол Улсаа сэргээн байгуулсан юм.
Төв Азийн цээжнээ төрт ёсыг үүсгэн тогтоосон Хүннү гүрний 2220 жил,
Их монгол улсаа байгуулсны 805 жилийн түүхэн ой давхар давхар тохиосон
2011 онд, 100 жилийн ойг нь өргөн хүндэтгэлтэй ёслон тэмдэглэсэн энэ үйл
явдал бол эрх чөлөөгөө байлдан олж, улс гэрээ төвхнүүлэх түүхэн алхам
хийсэн Монголын ард түмэн, манайхны, бидний бахархлаар үл барам, тухайн
цагт гараг ертөнцийг бүхэлд нь хэрэн сүлжээд байсан колоничлолын гав
гинжийг тас цохиж, харгис дэглэм, хана хэрмийг нь нураан унагааж болохыг
хүн төрөлхтөнд анх удаа харуулсан түүхэн ач холбогдол бүхий яруу алдрын
тод мөртэй.
Эл хэрэгт манай нутгийнхан та бидний өвөг, буурал дээдсийн оруулсан
хувь нэмрийн үнэ цэнийг өгүүлсэн мөрүүд түүхийн шарласан хуудаснаа тов
тодхон дурайж байна.
1912 он. Хатан баатар ван С.Магсаржав, Манлай баатар ван Ж.Дамдинсүрэн
нарын удирдлагаар Ховд хотыг чөлөөлж, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын
ялалтын үр дүнг баяжуулж, баталгаажуулахад Мэргэн гүний хошуунаас
мэйрэн В.Гаваагийн удирдсан 74 цэрэг оролцож сайн байлдсан учир олон хүн,
“Хүнд”, ”Занги”, “Залан”, ”Мэйрэн” цол, онц гарамгайгаар баатарлан байлдсан
цэрэг Гэндэн, “Гүн” зэрэг “Баатар” цол шагнуулжээ. Энэхүү, цэрэг Гэндэн нь
тулалдаанд амь эрсэдсэн тул гүн зэргийг ах Ганболдод нь хүртээснийг доктор
Банзрагч агсан мөнхүү бүтээлдээ өгүүлсэн байна.
Он цагийн тоолол арван жилийг ардаа хийжээ. ХҮ жарны цагаагчин тахиа
жил буюу 1921 он. Хаврын дунд сарын арвад. Цолмон гараг. Төмөр луу өдөр.
Үүр гийх үес. Гэнэт нүргэлсэн “Тэнгэрийн дуун”, хилийн бяцхан суурин
Хиагтынхныг гүн нойроос нь цочоон сэрээв. Энэ нь ялан мандаж, туурга тусгаар
улс гэрээ байгуулж, дархан эрхээ эдэлж, хөгжин дэвшиж, энхжин бадрах суу
алдрын хур буух эхлэл, өмнө өгүүлсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын
үргэлжлэл буюу залгамж Монгол Ардын хувьсгалын уухай байсан юм. Эрх
чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, бататган тогтоох тэмцэлд бүх нийтийг
уриалсан энэхүү дуудлагын цуурай “Сайн ноён хан аймгийн мэргэн гүний
хошуу” буюу манай нутгийнханд “Цагийн цөвүүнийг анхаарч, цэрэг дайчилж,
хошуу нутгаа хамгаалах”-ыг сануулсан Хатан баатар ван С.Магсаржав, “Улаан
намын гэх орос хүмүүсээс цэрвэх хэрэггүй, туслах учиртай”-г
зөвлөсөн Жалханз хутагт С.Дамдинбазар нарын захидлаар
дамжин хүрчээ. Төдхөн Ардын журамт цэргийн дэд жанжин,
Монгол Ардын намын суртлыг номлогч Х.Чойбалсан, орос
жанжин Төмөрбаатар буюу Шетинкин нар цагдаа Дамдиндоржийг
элч болгон зарж “Чухал албан хэрэг буй учир хошууны захирагч
буюу мэйрэн зэрэг бүхий нэгэн хүн хүрэлцэн ирж, зөвлөлдөх”-
ийг мэдэгдсэн захидал илгээснийг хүлээн авмагц мөнөөхөн
В.Гаваа мэйрэнг Х.Чойбалсан нарт бараалхуулж, Монгол, Орос
улаан цэрэгтэй хамтран цагаантны хүчийг богино хугацаанд
хөөн зайлуулж, нутаг орноо чөлөөлөхөөр тохирч, эл хэрэгт хошуу
нутгаас 80 морь дайчлан тусалж байжээ. Ийнхүү Монгол ардын
хувьсгал ялан мандах хэрэгт нэн чухал үүрэг гүйцэтгэсэн баруун
замын байлдаан манай нутагт, бидний өвөг дээдсийн оролцоо
дэмжлэгтэйгээр Ардын журамт цэргийн ялалтаар дууссан
түүхтэй.
1911 оны Үндэсний эрх чөлөөний болон 1921 оны Ардын
хувьсгалын ялалтад манай нутгийнхны оруулсан үнэ цэнэтэй
хувь нэмэр түүхийн зузаан хуудсан дахь мөрүүд үеэс үе дамжин
гэрэлтэн дурайх учир тавилантай аж.
Монгол түмний оршин амьдрахуйн учир тавиланг мал
үгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ бол өвөг дээдсээс өнөөгийн биднээ
өвлүүлж, авчирсан уламжлал, нүүдэлчний хэмээх өв их соёл.
Манж гүрний эзэрхийлэл ноёрхлын үед ард түмний амьжиргааны
үндсэн эх булаг болсон мал сүрэг өсөж, өөдлөхөөсөө хорогдож
буурах нь давамгайлсныг Сайшаалт Ерөөлтийн есдүгээр /1814/
онд хошуу тамгын газраас аймгийн чуулганд айлтган өргөсөн
бичигт “Өмнөх засгийн үе /1752-1782 он/-д цаг муудаж, хошууны
малын хагас үхэж бас олон зүйлийн албанд нэрвэгдэн нэн ядуурч,
ард бидний олонх мал хөрөнгөөр муу, амь зогоох төдий явмой”
хэмээн өгүүлсэн баримт харуулж байна. 1917 оны тоо бүртгэлээр
Мэргэн гүний хошууны албат хамжлага ард, дөрвөн зэрэг тайж
нарын 720 өрхөд адуу 4780, тэмээ 89, үхэр 6802 хонь 26089, бүгд
37760 толгой мал тоологдсон бол 1918 онд адуу 4801, тэмээ 89,
үхэр 6731, хонь 25318, бүгд бүгд 36939 толгой болсон нь төдийлөн
өөрчлөгдөөгүй, хонь, үхрийн тоо цөөрөх тийш хандсаныг харуулж
байна. Мөнхүү 1918 онд хоёр хүрээний 52 сан, жас, адуу 1344,
үхэр 3188, хонь 25397, бүгд 29928 толгой, Засаг гүн Мөнх-Очир адуу 97, үхэр
71, хонь 464, бүгд 637 малтай байжээ.
Энд Сайн ноён хан аймгийн Мэргэн Гүний хошуу Манж гүрний төрийн
данснаа нэр босгуулснаас хойш Үндэсний эрх чөлөөний хувьсгалын он
жилүүдийг туулан өнгөрч, 1921 оны Ардын хувьсгалын босгонд тулж ирэх
хүртэлх 230 шахам жилийн мэдээллээс тойм төдий өгүүлж байна.