Хуулийн мэдлэгт

Нийгмийн даатгалын багц хуулинд орсон өөрчлөлтүүдийн талаар НДЕГ-аас өнөөдөр /2019.01.13/ хэвлэлийнхэнд мэдээллээ. Хуулинд дараах гол өөрчлөлтүүд оржээ. Тэтгэврийг дараалсан 7 жилийн цалингийн дунджаар тогтооно

Иргэд тэтгэвэрт гарахдаа дараалсан 7 жилийн цалингийн дунджаар буюу 84 сарын дунджаар тооцож тэтгэврээ тогтоолгохоор боллоо. Өмнө нь иргэд сүүлийн 20 жилийн дотроос дараалсан 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоолгодог байсан юм. 2020 он буюу энэ оноос тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан иргэд энэ хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох юм.
                                                              Малчид, хувиараа хөдөлмөр шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж бүрдлээ
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нэг удаа тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг шинэ хуулиар бүрдүүлжээ. Ингэхдээ 15-60 настай иргэдийг хамруулна. Иргэний суралцсан болон хорих ял эдэлсэн, өндөр насны тэтгэвэр авсан хугацаа нь шимтгэл төлөх хугацаанд хамаарахгүй юм байна. Өөрөөр хэлбэл, энэ үеийн шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй гэсэн үг юм. Иргэд шимтгэлээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420 мянган төгрөгөөр тооцож төлнө. Энэ онд нийтдээ 88,1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч шимтгэлээ нөхөн төлнө гэж тооцсөн байна. Харин шинээр 34,8 мянган иргэн тэтгэвэрт гарна.

                                                                               Ирэх сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ
 Ирэх сарын нэгнээс ахмадуудын тэтгэврийг 8 орчим хувиар нэмэх гэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150,6 тэрбум төгрөг зарцуулна
                                                                    Зарим иргэдийн  тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

Өнгөрсөн онд баталсан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Үүнд, 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны 12-р сарын 31-ны хооронд тэтгэврээ тогтоолгосон иргэд хамаарна.
 Үүнд:

1.1. төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх

1.2. төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх

1.3. нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй

1.4. нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй” тус тус хамаарах юм.
4 хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21,2 мянган иргэний тэтгэврийг нэмэхэд энэ онд 12,7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

                                                          Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмж тооцно
  Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл  хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор боллоо. Дээрх заалт нь энэ онд тэтгэврээ тогтоолгосон иргэдэд хамаарах юм. Хүүхдийн тоогоор нэмж тооцох хугацаа (1 жил 6 сар) нь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарна. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, малчнаар, мэргэжлийн урлагийн байгуулагад ажилласан, цэргийн алба хаасан зэрэг тусгай нөхцөлийн жилд хамаарахгүйг мэдээллээ.

                                              Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл бүрдлээ

Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр шинэ хуулинд зохицуулсан байна.  Үүнд:

-     Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос

-     Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас

-     Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө.

Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлнө. Хуулийн үйлчлэлд хүүхэд нь 3 нас хүрээгүй нийт эхчүүд хамаарах юм байна.

Бусад заалтууд:

  •  Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар тооцож олгоно. Шинэ хуулиар энэ оноос эхлэн сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ. Өмнө нь 70 хувиар тооцон олгодог байсан юм.
  • Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авна. Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Өмнө нь 2 удаа л олгодог байсан.
  •  Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээ 56700 төгрөг. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56 700 төгрөг боллоо. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй.  Сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ  нь 2019 он онд мөрдөгдөж байсантай (13.5%) ижил хэвээр байна. 
  •  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  420 000 төгрөг боллоо. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14 858 төгрөг  (420 000 төгрөг*75%/21.2 өдөр), нийт тэтгэмж (76 өдөрт олгох)-ийн доод хэмжээ 1 129 245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн байна.
  • Сайн дурын даатгалаа төлөхийн тулд өөрийн биеэр очих шаардлагагүй боллоо. Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг 1 удаа сунгасанд тооцхоор болжээ.  Ингэснээр заавал хэлтэст биеэр ирэх шаардлагагүй болж,  сайн дурын даатгуулагчдад чирэгдэлгүй боллоо.