Рашаант сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

РАШААНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ

“ТӨР ИРГЭН ХАМТДАА ТӨРӨЛХ НУТГАА ХӨГЖҮҮЛЬЕ”

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго: Иргэдийнхээ амьдрах, ажиллах, хөгжих боломжийг тэлсэн эрүүл, аюулгүй орчныг бий болгосноор иргэд нь санаачлагч, манлайлагч, бүтээлч үйл ажиллагаагаараа сумынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж хөгжилд хүрсэн сум болно.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ

*      Ил тод, нээлттэй байх

*      Шударга, тэгш байдлыг хангах

*      Иргэдийн оролцоог хангах

*      Бодлогын залгамж чанарыг хадгалж, үр дүнд хүргэх

*      Хэрэгжүүлэгч бүр мэдлэг, ур чадвар, нөөц бололцоогоо бүрэн дайчлан шинийг эрэлхийлж, хариуцлагатай ажиллах

Үр дүн: Бүтээлч, санаачилгатай, сэтгэл хангалуун иргэд

              Ёс зүйтэй, хариуцлагатай, хамтын ажиллагааг эрхэмлэсэн засаглал

              Ая тухтай амьдрах орчин, тогтвортой хөгжлийн суурь    БЭХЖСЭН БАЙНА

Нэг: ХҮМҮҮНИЙ  ХӨГЖИЛ

            Ирээдүйдээ итгэлтэй, элбэг хангалуун амьдралтай, урам зориг бүхий ард иргэдтэй сумыг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгыг хангасан хүн төвтэй, ард иргэдээ дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ.

1.1. “Хүүхэд - хөгжлийн ирээдүй”

Хүүхдийн язгуур эрх ашгийг хангаж, гэр бүл, хүүхдийн орчинд эрүүл, зан үйлийг төлөвшүүлэн, хүүхдийн хүмүүжлийн суурийг зөв тавихад эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч нарын сэтгэлгээ, мэдлэг, чадварыг бүрэн дүүрэн ашиглаж Монгол ахуйд зөв дадал эзэмшсэн, өөрийн ирээдүйг цогцлоон оюунлаг иргэн болох нөхцөл боломжийг нэмэгдүүлнэ.

1.2. Залуус бидний ИТГЭЛ

Залуучуудын эв нэгдлийг бэхжүүлж, амьдрах, ажиллах нөхцөл бололцоог нэмэгдүүлэн өөртөө итгэх итгэлийг сэргээн, бүтээлч санал санаачлага, зөв дадал, хамтын үйл ажиллагааг бүрэн дэмжиж хамтран ажиллана.

1.3. Ахмадууд бидний БАХАРХАЛ.

Өнөөдрийг бидэнд бүтээж өгсөн ахмад буурлуудаа хүндэтгэн халамжилж, сэтгэл санаа, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлж,  нийгмийн идэвхийг нэмэгдүүлэн, арвин туршлагыг нь түгээн дэлгэрүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллана.

 

Хоёр. “Эрүүл хүн- Ихийг бүтээнэ”  эрүүл мэндийн салбарын бодлого:

“Эрүүл иргэн эрхэм баялаг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2.1 Хувь хүн, гэр бүл , ААН, бусад салбар дундын  оролцоотой хүн амын эрүүл мэндийг хамгаалж дэмжинэ.

2.1.1. Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр эрүүл  гэр бүл, байгууллага, баг, сум болох хөдөлгөөнийг өрнүүлж дэмжин, сурталчилах замаар олны хүртээл болгон дэлгэрүүлж  эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүний зан үйлтэй холбоотой өвчлөлөөс сэргийлэх ажилд байгууллага хамт олны оролцоог нэмэгдүүлнэ.

2.1.2. 5 хүртэлх насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад сургалт зохион байгуулна.

2.1.3. Сурагч, өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт суртчилгаа зохион байгуулна. /6-19 нас/

2.1.4. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд, "Эсэн мэнд амаржихуй" сургалтыг нэгдсэн удирдамж гарган  зохион байгуулна.

2.1.5. Халдварт бус өвчнөөс сэргийлэх  мэдлэг, хандлага, дадлыг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааг зохион байгуулна.

2.1.6. Иргэний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах  "21 дадал"  арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

2.1.7. Иргэдэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчилах, ЭМД төлөгч иргэнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үйлчилгээнд бүрэн хамруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.1.8. Эргэлтийн эмийн санд нийлүүлэгдэж байгаа эмийн үнийн жагсаалт болон хөнгөлөлттэй эмийн жорыг иргэдэд ил тод нээлттэй болгож, иргэдэд хүртээмжтэй болгох асуудлыг шийдвэрлэнэ.

2.2. Хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, тандах, эрт илрүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

2.2.1. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний 5 төрлийн /Артерийн даралт ихсэх, Чихрийн шижин, Элэгний өмөн, умайн хүзүүний өмөн, хөхний өмөн/ эрт илрүүлэг үзлэгүүдийг үргэлжлүүлэн тогтвортой зохион байгуулна.

2.2.2. 15-49 насны нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, өвчтэй илрэгсдийг хяналтанд авч эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

2.2.3. Жирэмснийг эрт илрүүлж, үзлэгийг тогтмол чанартай хийж,  эрт хяналтыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, эх хүүхдийн эндэгдэлгүй байна.

2.2.4. 15-59 насны хүн амын дунд ХДХВ/ДОХ/БЗДХ-ийн эрт илрүүлэх үзлэгийг  зохион байгуулж, эмчлэн эрүүлжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

2.2.5. Хүн амын дунд сүрьеэгийн эрт илрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж, эмчилгээний үр дүнг сайжруулна.

2.2.6. Сумынхаа иргэдийг жилд нэг удаа явуулын амбулторын үйлчилгээгээр үйлчилж, шатлалтайгаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулна.

2.2.7. А,Д амин дэм, Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, Хүүхдийн өвчний цогц менежментийн нэн шаардлагатай 15 нэр төрлийн эмийг тасралтгүй хангаж бүрдүүлнэ.

2.2.8. 0-59 сартай хүүхдэд зайлшгүй шаардлагатай амин дэм, бичил тэжээлийн бэлдмэлээр тасралтгүй хангана.

2.2.9. Анхан шатны Эрүүл мэндийн байгууллагыг ДОХ, БЗДХ, В, С вирусын оношлуураар хангах, үр дүнг тооцож ажиллана.

2.2.10. Өрхийн түвшинд тандалт судалгаа хийж зорилтот бүлгийн хүн амыг хяналтанд авч анхан шатны тусламж үйлчилгээг  хүргэнэ./жирэмсэн эх, 0-5 насны хүүхэд, ахмад настан, хүнд өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд /

2.2.11. Эмийн аюулгүй байдалд хяналт тавина.

2.2.12. Сайн дурын дархлаажуулалтын үйл ажиллагааг хийх нөхцлийг бүрдүүлж, өргөжүүлнэ.

2.2.13. Хүүхдийн дархлаажуулалтыг товлолт насанд бүрэн хийх арга хэмжээг тасралтгүй  зохион байгуулж, хамралтын хувийг нэмэгдүүлнэ.

2.3. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн амын эрэлт, хэрэгцээнд нийцсэн, чанар, аюулгүй байдлыг хангасан, ил тод, хариуцлагатай, үр дүнтэй, “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТӨВ” -тэй эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтолцоо болгон хөгжүүлнэ.

2.3.1. “Эх хүүхдийг эрсдлээс хамгаалах”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийн мэдээлэл харилцаа”зэрэг дэд хөтөлбөрүүдийг орон нутагтаа оновчтой хэрэгжүүлнэ.

2.3.2. Эрүүл мэндийн байгууллагын компьютер, программ хангамжийн системийг үе шаттайгаар шинэчилж, ЭМТ-ийг аймгийн Нэгдсэн эмнэлэгийн цахим системд холбоно.

 2.3.3.  Гар утасны сүлжээнд суурилсан эрүүл мэндийн мэдээллийг зорилтот бүлэгт хүргэнэ.

2.4. Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, хүний нөөцийн бодлогуудыг хэрэгжүүлнэ.

2.4.1. Эрүүл мэндийн төвийн барилгад их засвар хийж, ус ариун цэврийн байгууламжийг сайжруулна.

2.4.2. Багийн эмч нарыг унаажуулж, иргэдэд хүрч үйлчлэх боломж нөхцлийг бүрдүүлнэ.

2.4.3. Эхо 3D аппараттай болно.

2.4.4. Хогийн цэг дээр эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгах цэгийг байгуулж, стандартын дагуу устгах тоног төхөөрөмжтэй болгоно. /автоклав, бутлагч/

2.4.5. Түргэн тусламжийн машинд их засвар хийнэ.

2.4.6. Эмч мэргэжилтнүүдийг урт, богино хугацааны сургалт болон туршлага солилцох арга хэмжээнд оролцуулан  мэдлэг,  мэргэжлийг  тасралтгүй  дээшлүүлэн  зайны  сургалтад  мэргэжил  тус  бүрээр  хамруулж, хариуцлагыг сайжруулах, урамшуулах, нийгмийн баталгааг хангахад анхаарна.

2.4.7. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагын тогтолцоог сайжруулж,  ард иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, эелдэг харилцааг эрхэмлэх, өвчтөний нууцыг чанд хадгалах зэрэг асуудлыг бодитой шийдвэрлэхүйц ёс  зүйн  хөтөлбөрийг  үе  шаттай  хэрэгжүүлж  үр  дүнг  тооцон  ажиллана.

2.4.8. Ахмад настны эрүүл мэндийг дэмжих, тэдэнд тохирсон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ахмадын эмч ажиллуулах асуудлыг шийдвэрлэнэ.

Гурав. Боловсрол, соёл, спортын бодлого:

“Боловсрол-хүний хөгжлийн суурь” боловсролын салбарын бодлого.

3.1. Боловсролын байгууллагын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулна.

3.1.1. Боловсролын магистр зэрэгтэй багшийн тоог 55%-д, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй багшийн тоог 15%-д, сургалтын шинэ технологи, арга зүй эзэмшсэн багшийн тоог 80%-д, судалгааны арга зүйг эзэмшсэн, хүүхдийн хөгжлийг оношлон судалж үр дүнг хичээлийн төлөвлөлтөнд хэрэглэдэг багшийн тоог 20%-д тус тус хүргэнэ.

3.1.2. Суралцагчдын сурлагын чанарыг тодорхойлж, хамт олны хөгжил төлөвшил болон хүүхдэд ээлтэй байдлын үнэлгээ хийж, сум орон нутгийн хүний хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэн, урамшууллын тогтолцоо бий болгоно.

3.1.3. Боловсролын байгууллагын ажилтан албан хаагч, сурган хүмүүжүүлэгч, багш нарын ёс зүй, ажлын хариуцлага, хамтын ажиллагааг дээшлүүлж, ажил үйлчилгээний үр дүнг тооцох чухал үзүүлэлт болгон дүгнэнэ.

3.1.4. Багшийн хөгжлийг дэмжин урамшуулах замаар массын сургалтын чанар, суралцагчдын төлөвшил, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

3.1.5. Нэн шаардлагатай мэргэжлээр улсын их, дээд сургуульд суралцагчтай орон нутагт ажиллах гэрээ байгуулж, дэмжлэг үзүүлнэ.

3.1.6. Боловсролын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд эцэг эхийн төлөөллийг оруулж, боловсролын үйлчилгээнд үнэлэлт өгөх, хөндлөнгийн хяналтыг сайжруулах зорилгоор эцэг эх, иргэдийн хамтарсан багийг ажиллуулна.

3.2. Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх менежмент, арга зүйг хөгжүүлж, боловсролын үйлчилгээний тэгш байдлыг хангана.

3.2.1. “Оюунлаг Математикч”, “Бүтээлч багш 5+1”, “Хөгжлийг бүтээгч хүүхэд”, “Эх хэлний баяр”, “Эх хэлний олимпиад” зэрэг үйл ажиллагааг уламжлал болгон жил бүр зохион байгуулна.

3.2.2. Бага ангийн байгалийн ухааны кабинетыг тохижуулах, математик, байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулна.

3.2.3. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх ажлыг тусгай удирдамжийн дагуу 2 жил тутам зохион байгуулна.

3.2.4. Сургуулийн гадна байгаа хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх ажлыг багийн засаг дарга нартай хамтран хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үе тэнгийнхэнтэйгээ хамт суралцах тэгш боломж олгох ажлыг зохион байгуулна.

3.2.5. Насан туршийн боловсролын багшийг тусгай хөтөлбөр, сургалтанд хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох асуудлыг үр дүнтэй хэрэгжүүлнэ.

3.2.6. СӨБ-ын  хамран сургалтын хувь 88% байгааг 92%-д, бага боловсролын хамран сургалтын хувь 90.1% байгааг 93%-д, суурь боловсролын хамран сургалтын хувь 82.7% байгааг 85%-д хүргэнэ.

3.2.7. Элсэлтийн ерөнхий шагалтын хэмжээст онооны дундажийг аймгийн дундажаас /500 оноо/ бууруулахгүй байх, хүрсэн түвшнээс жил бүр 5-аас доошгүй оноо ахиулах зорилт тавина.

3.2.8. Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд ээлтэй байдалд үнэлгээ хийж, ус ариун цэврийн байгууламж /00/-ийг БСШУ, ЭМ, Сангийн сайдын баталсан норм шаардлагын хэмжээнд хүргэнэ.

3.2.9. Бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулах талаар дотоод нөөц бололцоог ашиглан “Өдөр өнжүүлэх бүлэг”-ийг 1-3 ангийн хүүхдүүдийн дунд ажиллуулна.

3.2.10. Хүүхдийн төлөвшил, хүмүүжил, сурч хөгжих үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог дээшлүүлж, “багш-сурагч-эцэг эх” гурвалсан холбоог дэмжсэн олон талт арга хэмжээг зохион байгуулна.

3.3. Бага насны хүүхдийн өөрийн онцлог, бүтээлч үйлээрээ хөгжин, төлөвших ээлтэй орчинг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

3.3.1. 5 настай хүүхдийг СӨБ-ын үйлчилгээнд, 6 настай хүүхдийн сургуульд бүрэн хамруулна.

3.3.2. Цэцэрлэгт нийт хүүхдийн 15-аас доошгүй хувьд амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрхийн хүүхдийг хамруулж ажиллана.

3.3.3. Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, хөгжлийг дэмжихүйц “Монгол ахуй”-д зөв дадал эзэмшүүлэх сургалтыг сургалтын агуулгын 40%-д зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллана.

3.3.4. Зуны гэр цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулж, сургалтын хугацааг уртасган, хамрагдалтыг нэмэгдүүлнэ.

3.4. Иргэдийн эрүүл мэнд, төлөвшил, санхүү, экологийн боловсролыг орон нутгийн онцлог, бодлоготой уялдуулж хэрэгжүүлнэ.

3.4.1. Сургууль нь “Хүний хөгжлийн төв” байх зорилтыг ханган, нийт иргэдийн эрүүл мэнд, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн болон экологийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх, нутаг орноороо бахархах, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулна.

3.4.2. Насан туршийн боловсролын нэгжийн сургалтын орчныг сайжруулж, дүйцсэн хөтөлбөрийн сургалтын чанарыг дээшлүүлэн гүйцэтгэл үр дүнд үнэлгээ хийж, албан бус сургалт сурталчилгааг нэмэгдүүлнэ.

            3.5. Боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтыг үйлчилгээний стандарт, чанар, хүртээмжтэй уялдуулан төлөвлөж хэрэгжүүлнэ.

            3.5.1. 320 хүүхдийн хичээлийн байрыг барьж ашиглалтанд оруулна.

            3.5.2. Сургуулийн спорт заалны шалыг шинэчлэн стандартын шалтай болгоно.

            3.5.3. Хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл барьж ашиглалтанд оруулна.

            3.5.4. Сургуулийн ус ариун цэврийн байгууламж барьж, бохирын машинтай болгоно.

            3.5.5. Сургуулийн халуун усыг засварлаж тохижуулна.

3.5.6. Байгалийн ухааны хичээлийн сорилт, туршилт, судалгаа хийх, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана.

            3.5.7. Дотуур байрын зөөлөн эдлэлийг нэмэгдүүлнэ.

3.5.8. Суралцагчдын сонсох, ярих чадварыг хөгжүүлэх зорилгоор гадаад хэлний кабинетийг байгуулах

            3.5.9. Цахим номын сан байгуулах

            3.5.10. Сургуулийн мэдээлэл зүйн кабинетийг комьютерээр хангах ажлыг үе шаттай зохион байгуулна.

            “Өв соёл – Эрч хүч” дэд хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлнэ.